Жил бүрийн өдийд арабчууд тэр дундаа Арабын хун тайж манай улсад ирж, шонхор шувуу авладаг. Энэ үеэр Монголын томчууд хошууран гүйлдэж, эх сайхан байгалийнхаа зэрлэг ан амьтнаас агнах зөвшөөрөл харамгүй өгдөг. Тухайлбал, Арабын хун тайж өмнө жил ирэхдээ цөөнгүй халиун буга агнасан байсныг нутгийн иргэд гэрчилдэг. Тэгвэл энэ жил ч гэсэн тус улсын хун тайж манай улсад иржээ. Тэрбээр шонхор шувуу агнах гэж хэдэн зуун ногтруу, тагтаа өндөр үнээр худалдан авч, олон тооны урхи тавьсан байгаа аж. Тусгай зориулалтын агнуурын тоог Засгийн газрын шийдвэрээр нууцалдаг учир энэ жил Арабын хун тайжид хэчнээн шонхор агнах эрх өгч, түүнээсээ хэдий хэрийн ашиг олсныг мэдэх боломжгүй. Харин эх сурвалжийн мэдээлснээр “Энэ жил 30 гаруй шонхор барих зөвшөөрөл олгосон байна лээ. Хун тайж эхний ээлжинд барьсан долоон шонхор шувуугаа Эмээлтийн даваа орчим байрлуулж байгаа гэсэн” гэв.

      Арабуудын тавьсан урхинд орж, амь тэмцсэн шонхор шувууг монгол залуус аварч, урхинаас нь суллажээ. Бид шонхор шувууг сулласан А.Ганболдтой холбогдож дараах зүйлсийг тодрууллаа.

Сайн байна уу. Юу болсон та мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн байна уу. Намайг А.Ганболд гэдэг. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат хүн. Хоёр найзтайгаа хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт явж байгаад урхинд орсон шонхор шувуутай таарч, амийг нь аварлаа. Бид нэг их баатарлаг гавьяа байгуулаагүй шүү дээ. Арабчуудын урхинд орсон байсан шонхор шувууг тэднээс урьтаж олоод, суллаж тавьсан л төдийхөн гэсэн үг.

-Таны аварсан шонхор шувуу ямар байдалтай байсан бэ?

-Үгээр хэлэх юм биш. Элэг эмтэрмээр байдаг юм билээ. Тунгалаг хар нүднээс нь зогсоо зайгүй нулимс урсаж байсан. Тэр харцыг харсан хүн юун мөнгө бодох бушуухан л урхинаас нь салгаж, хөх тэнгэрт нь тавихыг хүсдэг юм билээ. Үнэхээр хийморьтой нүдтэй, монголчууд шүтээн шувуугаа болгосон нь ч учиртай байх гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Үнэхээр гайхамшигтай бас өрөвдөлтэй харц. Магад би насан туршдаа энэ хачирхалтай тохиолдлыг мартахгүй байх. Түүнээс гадна байгаа байдал нь ч өр өвдөм харагдсан. Арабчууд тагтаагаар өгөөш хийдэг тухай сонсож байсан. Тагтааны нуруунд тор бэхэлдэг юм байна. Шонхор тагтааг барих гээд нуруун дээрх торонд нь хөлөө орооцолдуулчихсан юм билээ. Яг л тэр өгөөшийг нь барих гэж байгаад урхинд орсон байсан даа. Ямар ч хүн таарсан тэр нүдийг харах юм бол өөрийн эрхгүй өрөвдөх, сүр жавхланд нь омогшиж, бахархах сэтгэл төрөх байх. Бид тэр шонхрыг сулласандаа маш их бэлгэшээж байгаа. “Шонхор бариад арабчуудад аваачиж өгдөг”, “Тэдний хайж байгаа шонхор нь мөн байвал маш өндөр үнээр авдаг” зэрэг яриа цөөнгүй л сонсож байсан. Яг таарсан тохиолдолд юун мөнгө бодогдох, сүрддэг юм билээ.

Шонхор тагтааг барих гээд нуруун дээрх торонд нь хөлөө орооцолдуулчихсан юм билээ. 

This image has an empty alt attribute; its file name is %D0%A8%D0%BE%D0%BD%D1%85%D0%BE%D1%80%202.jpg

-Тагтаа нь ямар байсан бэ?

-Тагтаа нь үхчихсэн, харин шонхор нь чирч дийлэхгүй тамирдчихсан байсан. Хажууд нь сул нэг шонхор сууж байсан. Биднээс үргээгүйг бодоход нэгнийгээ хаяж явж чаддаггүй юм байна гэж ойлгосон.  Тэгээд л нүдийг нь алчуураар дарж байгаад сарвуунаас нь тор, уяаг нь салгах хооронд шонхрын нулимс алчуур нэвтрэн урсаж байсан. Үнэхээр өрөвдөлтэй харагдсан шүү.

LEAVE A REPLY