Дорнод аймаг руу аялуулж, байгалийн болон түүхийн дурсгалт газраар зугаалуулна, гэсэн амлалтад хууртаж мөнгө төлсөн 19 иргэн мөнгө төгрөг болон сэтгэл санаагаараа хохирчээ. Ингээд бусад хүмүүсийг Монгол Аялал гэдэг компанид битгий хууртаасай, гэж уриалж байгаа хохирогчдын бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэе.

Улаанбаатар хотын их түгжрэл, стрессээс холдож хэд хоног ч атугай тархиа амраан, газар үзэж нүд хужирлан Буйр нуурын байгалын сайханг тольдож гэгээн дурсамж бүтээх мөрөөдөлтэй бидний хэдэн аялагчид нийтийн хэлж заншсанаар Дөлгөөн нуурын Авто Молл төвийн 401 тоотод байрлах Монгол аялал компанид хандсанаар энэхүү стори эхлэсэн юм.

Уншигч танд хялбарчлах үүднээс аялалын тэмдэглэлээ хронографи хэлбэрээр танилцуулбал:

2021-07-11 өглөө бидний 19 аялагч, хөтөч С, жолооч Т нар цугларч County маркийн автомашинд сууцгаан Хэнтий аймгийн зүг хөдлөсөн. Хэнтий аймаг өнгөрөөд Дорнод аймаг явах замд жолоочийн туршлагагүй байдлаас шалтгаалан замаас гарч зөөлөн хөрстэй газарт шигдэж 2 удаа машинаа суулгасан. Бид эхнийх дээр түрж дийлсэн боловч ахин маш гүнзгий шигдсэн, усан шаварт бид гаргах гэж олон удаа түрсэн, жоохон охидууд олон байсан тул тэдний зарим нь даарч хоолой нь өвдсөн, халуурсан, бид LC200 гуйж татуулсан, зам дээр татах машин хүлээж маш их цаг алдсан.

2021-07-11 орой Дорнод аймаг дээр төлөвлөсөн бааз дээр очих гэсэн боловч оруулаагүй замын пост дээр маш удсан, өөр бааз руу шилжүүлсэн. Очиход ор хүрэлцээгүй тул 1 орон дээр 2 оороо унт гэсэн, бид тэвчээд өнгөрүүлсэн.

2021-07-12 өдөр жолооч Дорнодоос Буйр нуур явах замаа мэдэхгүй байсан, Буйр нуур дэх баазаа хайгаад олоогүй, жолооч “ би мэдэхгүй” гэсэн, хөтөч “би анх удаа явж байгаа бас мэдэхгүй” гэж хэлсэн. Бид бүр гайхаад, аргаа бараад өөрсдөө GPS ашиглаж замыг нь зааж өгч байсан. Жолооч зам дээр ус таарахаар л “одоо яаж явах вэ, яаж гатлахуу, хаагуур явахуу” гэж биднээс байнга асууж байлаа, бид тэвчээд л өнгөрөөсөн.

2021-07-12 орой Буйр нуурын баазын наана жолоочийн туршлагагүй байдлаас болж “битгий” гэж хэлсээр байтал дахин элс рүү давхин орж суулгасан, бид түрээд дийлэлгүй ойрхон Buir Lake жуулчны баазаас трактор гуйж татуулж гаргасан. Төв зам руу ортол жигд хаазаар 3 км хэртэй газар асуудалгүй явж болох байтал жолооч хүч алдуулж дахин элсэнд суулгасан. Бид дахин түрээд бас дийлэлгүй эргэж 3 км, ирж очихын 6 км алхаж трактороо дуудаж татуулж гаргасан, ажлын хөлс мөнгийг бид өөрсдөө гаргасан. Хол газар явган алхахад маш ширүүн бороо орж, салхитай байсан тул хэдэн охидууд даарч хоолой нь өвдөж халуурсан, жолооч хөтөч 2 яваагүй, машиндаа байсан.

2021-07-12 шөнө 23 цагийн үед бааз дээрээ ирсэн, социализмын үед баригдсан олон өрөөтэй цагаан тоосгон байшин байсан, баазаас хоол гардаг боловч хувь хүнээс хоол авахаар тохирсон байсан. Ирсэн хоолны амт чанар авах юмгүй, порц бага, алга дарам хэмжээтэй. Өрөөнд ор хүрэлцээгүй байгаа учраас дахиад 1 орон дээр 2 оороо унтах тухай хөтөч танилцуулсан. Өлсөж ядарсан аялагчидын тэсвэр тэвчээр алдарч эхнээсээ уурлаж хашгичиж эхлэсэн.

“Монгол аялал” компаний захирал н.Пүрэвдорж, менежер Баярчимэг нар руу олон аялагчид утасдаж асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч асуудал огт шийдэгдээгүй, 1 орон дээр 2 -оороо унтсан. Амт чанар, порцгүй хоолоо идсэн, цай өгөхийг хүсэхэд цай байхгүй гэсэн. Бид хүйтэн ус, ундаагаа уугаад унтсан, засвар хийгээгүй удсан байшин байсан учраас таазнаас шохой хууларч орон дээр шөнөжин унасаар байсан.

2021-07-13 өглөө Дорнод аймгийн Халхын гол орж Бурхант цогцолбор, 90 баатрын хөшөө, Яковлевийн хөшөө, Ялалтын хөшөө цогцолбор, дурсгал, музей үзэх маршруттай байсан. Жолооч, хөтөч замаа мэдэхгүй төөрсөн. Бид дахин GPS ашиглаж Бурхант цогцолбор дээр очсон, гэтэл хөтөч “корона, шүлхий гарсан тул хөшөө үзэж болохгүй” гэсэн.

Аялагчид “эзгүй хээр байгаа хөшөө үзэхэд корона, шүлхий 2 ямар хамааралтай” байгаа тухай асуухад “мэдэхгүй, дээрээс тийм заавар өгсөн” гэсэн. Ингээд чадваргүй жолооч замаа мэдэхгүй олон дахин төөрч, элс шавранд суусан учраас компани биднийг шүлхий, коронагаар халхавчилж төлөвлөсөн хөшөө дурсгалыг үзүүлээгүй. Бид буцахдаа бас төөрсөн. Жолооч маш зөрүүд хүн байсан болохоор GPS-ээр заасан замд огт итгэхгүй байснаас болсон.

2021-07-13 өдөр бааз дээрээ ирэхэд хөтөч “өдрийн хоолыг аялагчид өөрсдөө даана, бид хоол өгөхгүй” гэсэн, гэвч аялалын батласан төлөвлөгөө үзэхэд өдрийн хоолыг баазаас даахаар бичсэн байсан. Төв суурин газраас маш хол ирчихээд аялагчид өөрсдөө яаж хоолоо даах тухай бодож ч чадахгүйгээр бухимдсан байсан, гэвч тэвчээр зааж өөрсдөө мөнгө төлж хоолоо идсэн, цай асуухад байхгүй гэсэн. Тус амралтын газрын хоол нь арай дажгүй байсан боловч “Монгол аялал” компани хямдыг бодож хувь хүнтэй хоол тохирсон байсан нь амт, чанар, порцгүй, нэг үгээр “хог” байсан.

2021-07-14 буцах замдаа Буйр нуураас Сүхбаатар аймгаар дайрч Мэнэнгийн тал үзэх маршруттай байсан, гэвч Сүхбаатарт бас шүлхий гарсан болж таарсан. Бид сумын цагдаа, онцгой байдлын хүмүүстэй замдаа таарч асуухад “шүлхий огт гараагүй, коронагаар хөл хориогүй нээлттэй байгаа” гэсэн. Бид хөтөчөөр дамжуулан “Пүрэвдорж захиралтай энэ тухай ярь” гэхэд “Битгий хуц” гэсэн хариу өгч байна гэсэн. Ингээд бид Мэнэнгийн тал үзэж чадалгүй ирсэн замаараа буцсан, эргээд бодоход аялалын төлөвлөгөөнөөс зөвхөн Буйн нуур үзэх л биелсэн, бусад нь замхарсан.Ингэж биднийг доромжилж, басамжилж байсан, энэ бол зохион байгуулалттай аялал биш, зохион байгуулалттай доромжлол байсан.

2021-07-15 Дорнодоос-УБ буцах замд машины дугуйнаас утаа гарч эхэлсэн, бид хэлэхэд эхлээд тоохгүй байсан боловч үргэлжлүүлэн шаардахад бууж харснаа “зүгээр байна” гэсэн. Бид “дугуйгаа тайл, хар” гээд бараг хүчилж байж тайлуулахад тормозны наклад нь пилаанзтайгаа зуурч шатсан байсан. Тэрийг тайлбарлаж хэлээд “засахгүй бол тормозгүй болж машин мөргөлдөх аюултайг” сануулахад жолооч маш зөрүүд хүн байсан болохоор “зүгээрээ” гээд асаагаад явсан, ахин утаа саагиж диск үнэртэж хоолой хорсгож байсан. Бид аргаа бараад тормозны хийг нь авахыг шаардаж хий авахуулсан, тормоз засагдаж ингээд арай чүү хотдоо эсэн мэнд ирсэн. Ирэх замд бүгдээрээ уруу царайлж, дуугаа хураан, нэг л дүнсгэр үүрэглэсээр, болж өнгөрсөн асуудлуудыг бодох тусам уур бухимдал хүрч байлаа.

Монгол аялал брэнд, “Аялалын гүүр” байгууллага бидний 19 аялагчийг ингэж бүдүүлгээр доромжилсон. Бид эцсээ хүртэл тэвчсэн, хүлээцтэй хандсан, зохицуулах гэж зохион байгуулах гэж оролдсон. Монгол аялал компани бидэнтэй байгуулсан “Дотоод аялалын гэрээ”-ний “Тав. Аялал зохион байгуулагчийн эрх үүрэг” гэсэн бүлгийн бараг бүх заалтыг ноцтой зөрчсөн, бүх баримт гэрэл зурагт үлдсэн байна.

Энд тохиолдсон зүйл Корона болон давагдашгүй хүчин зүйлтэй ямар ч хамааралгүй, цэвэр зохион байгуулалт, менежментийн асуудал байсан. Огт туршлагагүй зөрүүд, ухаан муутай жолооч, анх удаа ажилд гарч байгаа жаахан хөтөч охин хоёрыг холын замд сайхан аялаад, газар үзээд, тав тухтай унтаж амраад, амт чанартай хоол идээд, хамгийн гол нь гэгээлэг дурсамж бүтээгээд ирнэ дээ гэсэн бодол, хүсэл мөрөөдөлтэй гэрээсээ гарсан 19 аялагчтай хамт County машинд суулгаад тэд мартсан. Ашгийн төлөө сонсохоос ч зэвүү хүрэм асуудал дунд үлдээгээд бултсан байна.

Бид хотод ирээд тус байгууллагад хандаж болсон явдалд ядаж уучлалт гуйхыг хүссэн боловч “хүлээж авахгүй” гэсэн хариу өгсөн. Аялал гэдэг нь хэдэн хүнийг нийлүүлээд машинд суулгаад мартах биш аялалын туршид хөтөч нь хөгжилтэй, найрсаг атмосфер бүрдүүлэх, газар орны тухай түүх, дурсамж ярих танилцуулах, хамгийн гол нь амт чанартай хоол, тав тухтай кэмп дээр буудаллах, аюулгүй тээврийн хэрэгслээр зорчиход утга учир нь оршдог юм аа. Гэтэл тэд зүгээр л машинд суулгаад мартсан, хөсөр хаясан, энийгээ ч одоо болтол ухамсарлаагүй л байна.

Бидний гол шаардлага бол мөнгө, мөнгөө буцааж авах бишээ, дараа дараагийн олон аялагчдад ийм бүдүүлэг үйл явдал тохиолдох вий, үүнийг бид шүүмжлэхгүй дараад өнгөрвөл салбарын асуудал арилахгүй, ужиграх вий гэсэн болгоомжлол, энгийн санал шүүмжлэл билээ. Ер нь аялал жуулчлалын салбар одоо энэ мэт үеээ өнгөрөөсөн, хариуцлагагүй, бүдүүлэг, салбарын нэр хүнд гутаасан компаниудыг шахан зайлуулах цаг нь болсон гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд та Монгол Аялал, Аялалын гүүр компанийг БИТГИЙ СОНГООРОЙ гэж уриалъя

LEAVE A REPLY