Монголын их найрагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн гэргий С.Баасантай хөөрөлдсөн “Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн” хэмээх гарчигтай ярилцлагыг нэрлэж байна.

Yйрэн үйрэн тэмтэрч

Yнэний чулуу дэрлэхдээ

Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа

Yхэлд хүртэл гайхуулж

Чамаараа би гоёно….хэмээн уулга алдсан Монголын их найрагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн гэргий С.Баасантай цөөн хором ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу, та. Таны хүүхэд нас, багын дуртгалаас яриагаа эхлэх үү?

-Миний хүүхэд нас Хөвсгөл аймагт тэр үеийн хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Хичээл тараад ангийхантайгаа гол дээр тэшүүрээр их гулгадаг байлаа. Одоо бодох нь ээ, айх шиг болдог. Харзны усны хажуугаар шурхийгээд л гулгаад гардаг байсан. Яаж мөс нь цөмрөөд, доош орчихож байгаагүй юм. Би одоо 77 настай гэхэд хөл, гар сайтай спортоор хичээллэсний ач гэж боддог.

-Таныг хүүхэд байх үед нийтээрээ спортын арга хэмжээ их зохион байгуулдаг байсан үе. Спортын ямар нэг төрлөөр хичээллэдэггүй хүүхэд тун ховор байсан байх? -Тийм шүү. Намайг сургуульд байхад спорт хөгжүүлэх гэж олон арга хэмжээ зохиодог байсан. Өглөө бүр “Бүрээ тас” дуугараад л, хүн бүр гимнастик хийхээр гардаг. Би тэшүүрээр гулгана, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглоно.Долдугаар анги төгсөтлөө улсын шалгалт өгч үзээгүй, журналын дүнгээр жилийн эцсийн дүнгээ авдаг байлаа. Орос хэлний хичээлээ уншиж автоматаар цээжилчихээд “Багшаа, Багшаа” гэж гараа өргөж, хурдхан асуугдаж, дөрөв авчихаад, хичээлээ хийхгүй бөмбөг хөөгөөд явчихдаг хүүхэд байлаа.

Хичээлдээ төдийлөн сайн байгаагүй. Зуны амралтаар дамнуурга дээр өнжинө. Хөл, гар чангатай, хөдөлгөөнтэй хүүхэд байж дээ. Дөрвөн бүсийн аймгийн тэшүүрийн тэмцээнд орно.
Долдугаар ангид байхдаа үлээвэр хөгжим тоглож сурсан. Тухайн үед биднийг оршуулганд их явуулдаг байсан. 10-аад хүүхэд өвлийн хүйтэнд нус нь хөгжимтэйгөө наалдах дөхдөг байж билээ. Би эмэгтэйлэг биш, тавдугаар ангид байхдаа эрэгтэй хүүхдүүдтэй тэвэг өшиглөдөг хүүхэд байв шүү дээ. Гэхдээ их тэвчээртэй, хүнтэй хэрэлддэггүй, дотроо хадгалж байгаад хэдэн сарын дараа “Чи тэгэхэд тэгсэн биз дээ” гээд уйлчихдаг муухай чанартай. Би даруухан ч байгаагүй, сэргэлэн ч байгаагүй. Спортын мөр хөөсөн хүүхэд байсан. Амралтын өдрүүдэд тэшүүрээр гулгахын тулд модоо ганцаараа хөрөөдөж, өрдөг тийм л гулгах дуртай хүүхэд явсан даа.

-Та долдугаар ангиа төгсөөд Хүн эмнэлгийн техникумд хагас жил сурсан гэдэг бил үү?

-Мөрөнд нэг ангид сурч байсан ангийн хүүхэд “Хэвлэх үйлдвэрт ажиллавал цалин ахиу авдаг” гэж хэлэхээр нь сургуулиа орхиод, Цэргийн хэвлэх үйлдвэрт үсэг өргөгчөөр ажилд орсон хэрэг.

-Таныг бас Монголын анхны эмэгтэй шүхэрчдийн нэг гэж сонссон юм байна?

-Би Монголын анхны эмэгтэй шүхэрчдийн нэг. Гурван хүүхэд төрүүлчихээд ч шүхрийн спортоороо хичээллэж явлаа. Саяхан нэг хүн утсаар “Батлан хамгаалахын яамны түүхэнд оруулахаар судалж байгаа юм. Таныг гурван удаа буусан гэж сонссон” гэж байна.

Тэгэхээр нь “Би 70, 80 удаа буусан анхны эмэгтэй шүхэрчдийн нэг юм сан. Ц.Хандсүрэнтэй хамт төгссөн шүү дээ” гэсэн чинь “Уучлаарай, буруу ойлгосон байна” гээд утсаа таслачихсан. Харин гал дээр бол ганцхан буусан. Энэ тухай яривал, Агаарын харуулын албанд хоёр, гурван шүхэрчин хүүхэнтай хамт байсан. Нэг удаа Хөвсгөл аймаг руу томилолтоор яваад Цагаан-Үүрийн түймэр дээр бууж байсан юм.

Дөнгөж буучихаад байж байтал хүмүүс ирээд “Хөөх, эмэгтэй хүн байна шүү дээ. Морь унаад яв” гэхээр нь мориноос айгаад унаж чадахгүй, “Зүгээр ээ” гээд явган гүйгээд явчихаж билээ. Хангай газар морь унах хэцүү юм билээ. Нэг удаа унах гэж үзсэн чинь модон дундуур нүд сохолчих гээд их хэцүү, явж чадаагүй.

-Та 16 хүүхэдтэй айлаас өргөгдсөн охин нь юм билээ. Өргөж авсан ижий, аавынхаа тухай дурсвал?

-Би 16 хүүхэдтэй айлын 15 дахь нь юм билээ. Тэгээд айлд өргөмөл охин нь болж очсон тавилантай хүн. Өргөсөн аав минь намайг зургаан настай байхад бурхан болсон. Түүнээс хойш ээжтэйгээ хоёулхнаа хөтлөлцөж өссөн. Миний ээж хөдөлмөрч, нямбай, бас над шиг зожигдуу хүн байв. Хөвсгөл аймгийн больницад асрагч, дараа нь Хүүхдийн больницад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ижий минь 82 настайдаа бурхан болсон. Ажлын мөр хөөсөн, мөрөөрөө, сайхан эмэгтэй байсан даа.

-Б.Лхагвасүрэн гуайтай танилцаж байсан тухайгаа ярьж өгөөч?

-Бөмбөг тоглож яваад л ханьтайгаа танилцаж байсан шүү дээ. Манай хоёрынх өөд өөдөөсөө харсан айл байсан.

-Таны хань ил үгтэй, зөөлхөн хүн байсныг Монголын ард түмэн мэднэ. Таны хувьд Б.Лхагвасүрэн гэж хэн байв?

-Ажил дээрээ хүн загнахаараа хашгичаад, чигтэйхэн байдаг юм билээ. Гэртээ бол чанга дуугарч үзээгүй хүн дээ. Би чинь ханьдаа их эрх. Хөгшнийгөө дуугүй байх тусам нь давраад “Энд байсан юм алга болчихсон байх юм. Гэрт тавьсан юм олдохгүй” гэхэд нь л би “Намайг загнаж байна” гээд уйлчихдаг эрх амьтан байв шүү дээ. Манай хүүхдүүд хүмүүжилтэй, аавынхаа юмыг огт бусниулдаггүй байсан. Харин би хадгалж, хамгаалж байна гэж өөрөөсөө нуучихна.

Миний хань их яриа. Хөгшин минь өдийд байсан бол манайд 5-6 машинтай хүмүүс ирчихсэн, хөгшин минь тамхиа татаад хүмүүсийг инээлгээд л сууж байгаа даа. Хүний даллагатай, буянтай хүн байсан. Ямар ч эр хүн миний хань шиг амьдарна гэдэг их хэцүү дээ. Миний хань хийе гэснээ хийдэг, хэлье гэснээ хэлдэг, авъя гэснээ авдаг байсан. Тэгж амьдарна гэдэг амаргүй.
Хүнд хатуу үг хэлчихээрээ “Арай хатуу үг хэлчихлээ дээ. Яаж аргадна аа, хөөрхий минь” гэж бодож, хямарч хачин болчихдог байсан. Хүн танихдаа их сайн. Миний хөгшин 30, 40 жилийн өмнө уулзсан хүнээ шууд таньдаг байж билээ. Хүн танина гэдэг ухааных юм билээ. Хүн ирж уулзчихаад гараад явахаар нь “Энэ тийм зан араншинтай хүн байна” гээд үлддэг байсан. Эхний уулзалтаар л тухайн хүнийг хэн бэ гэдгийг “уншчихдаг” байсан. Миний хань үнэхээр ховор хүн байсан даа.

This image has an empty alt attribute; its file name is New-Project-28-5.jpg

-Таны хань “Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа Үхэлд хүртэл гайхуулж чамаараа би гоёно” гэж танд зориулж шүлэглэсэн…?

-Хэлсэн үг бүхэн нь мартагдах аргагүй сайхан шүү дээ. Миний хань өөрийгөө их сайн ханьтай байсан гэж бодож л “Үхэлд хүртэл чамаараа гайхуулна” гэж шүлэглэсэн байх.

Бие нь өвдөөд муу байхад нь би энэ мөртүүдийг санаж их уйлдаг байсан. Хоёр жил толгой өөд татахгүй уйллаа. Ханийгаа бодохоор өөрийн эрхгүй уйлчихаад байх юм даа. Ханийгаа байхад “Манайх тэгэх юм сан, ингэх юм сан” гэж шунадаггүй байсан. Надад Б.Лхагвасүрэн л байвал болдог, бүх юм дүүрдэг, гарыг нь дэндүү харчихсан, дэндүү эрхэлж амьдарсан даа. Тийм болохоор л өнөөдөр 80 хүрэх гэж байж усан нүдлээд сууж байгаа байх. Энэ бүхэн сайн ханьтай байсны шинж шүү дээ.
Муу ханьтай байсан бол хүн амьдрах гээд толгой өөд татахгүй ажиллана шүү дээ. Хүүхдүүд минь хүмүүжилтэй болохоор намайг зовоосон зүйлгүй. Миний отгон хүү “Ээж минь насаараа хоол хийлээ. Одоо ижийгээрээ хоол хийлгээд яахав дээ” гээд хоёр жил надаар хоол хийлгээгүй. Тийм эрэгтэй хүүхэд ховор шүү дээ.

-Та хоёр залуудаа захиа их солилцдог байв уу?

This image has an empty alt attribute; its file name is New-Project-28-5.jpg

-Бид хоёр захиа их солилцдог байсан. Одоо уншихаар их инээдтэй. Миний хүү Л.Хасар аавынхаа ноорог номыг сайн янзалж байгаа. Би “Нэгдүгээр ангидаа чиний бичиж байсан “Ээж намайг загнасан. Эцгийнхээ нүүрээр дүн авсан гэж хэлсэн. Би ээжид гомдсон. Аавдаа” гэсэн захиа байх ёстой гэсэн чингэлэг дүүрэн номон дундаас олсон байна лээ. Энэ мэтээр манай гэр бүлийнхний хоорондоо бичсэн захиа цөөн биш ээ. Тэр дундаа хөгшин бид хоёрынх бүр цөөн биш.

-Таны хань Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг шүү дээ. “Онгод’’ бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын уулзвар юм” гэж хэлсэн байдаг. Сайн бүтээлүүдээ хэрхэн бичдэг байсан бол?

-Миний хань их бодож бичдэг байсан. Дэс дарааллаар нь ямар ч засваргүй буулгадаг.

Аль ч улирлын бүрхэг өдөр бүтээл их гарах юм гээд үүр цайтал суудаг байсан. Хэдий завандаа, яаж бичдэг байна гэмээр гайхалтай шүлэг биччихсэн байдаг. Тэгээд “Хөгшин минь, наашаа суу. Шүлэг сонс” гэдэг байсан. Дэвтрийнхээ хоёр талаас бичдэг байж билээ. Хүүхдүүд нь тойроод суучихсан цайг нь асгачих гээд хүзүүдэж аваад зүгээр байлгахгүй. Өвөө нь гээд ач нараа эрхлүүлээд дунд нь сууж байх дуртай байдаг сан. Сүүлдээ үзгээ ч даахаа байсан даа.

-Таны хань юунд их баярлаж, юу сонирхдог байв?

-Миний хань хүүхэд шиг сониуч зантай. Нэг зүйл дурлаж авчихаад хэд хоноод “Хэрэггүй эд байна. Хүүхдүүдэд өгөөрэй” гэдэг. Чамин эд их цуглуулна.

This image has an empty alt attribute; its file name is New-Project-25-7.jpg

Гадаадад явахдаа надад төрөл бүрийн аяга, кофе заавал авчирч өгнө. Дэлгүүрт ороод юм үзээд л зогсоод байна, эмэгтэй хүнээс илүү. Тэгээд намайг “Чи эмэгтэй хүн байж юм сонирх үз, энийг авахгүй юм уу” гэж шалгаана. Номын дэлгүүрт орохоороо доод тал нь 4-5 цаг болдог. Үзэг, ном л их авдаг байлаа даа.
-Зурдаг байсан тухай нь ярьж өгөөч?

-Миний хань их олон номын зураг зурсан. Маш нарийн зурдаг хүн шүү дээ. Ач нар нь бүгд өвөөгийнхөө зурах авьяасыг дууриасан. Би хүүхдүүддээ бичгийн цаас, харандаа их авч өгдөг, дэмжиж байгаа минь тэр.

Зохиолчдын амьдралыг сайн мэднэ. Тэднийхээ тухай дурсамжийн ном бичнэ гэж их ярьдаг байв. Даанч бичиж амжилгүй бурхны оронд очсон доо. Номыг диагналдаж, их хурдан уншдаг байсан. Яаж ч ойлгож уншдаг байсан юм мэдэхгүй. Мөн алдаа амархан олж, засвар хийхдээ “Хмм, ингэж бичдэг гэнэ” гээд л амандаа бувтнадаг байж билээ. Цаг ямагт дотроо бодож байгаа ч ингэж ярих их хэцүү, эвгүй юм.

-Та бичсэн шүлгийг нь сонсчихоод санаа хэлдэг байв уу?

-Би бараг тоодоггүй байсан. Дотроо “Хэдийдээ ингээд биччихдэг байна даа. Тэр нь яасан ч гоё юм” гэж боддог л байж. Түүнээс надаар яалаа гэж санаа хэлүүлэх вэ.

-Та ханийнхаа нутгаар зочлох дуртай юу?

– Б.Лхагвасүрэн бид хоёр нэг удаа нутагт нь очоод, хоёул морь унасан чинь би мориноосоо айгаад хөлс цутгачихсан.

Б.Лхагвасүрэн намайг цаашлуулаад морины хондлой дээр ороолгохоор морь ухасхийж, би “Болиоч ээ” гээд тэрүүгээр нэг орилоод сүйд болж билээ. Арай гэж уяан дээр ирээд буух гэтэл эмээл нь уначих гээд хоёр хөлөө дөрөөнөөс нь арай гэж мултлаад үсрээд буучихсан чинь Б.Лхагвасүрэн “Нүдний булай, шившиг, монгол хүн мориноосоо ингэж буудаг гэнэ” шоолж билээ. Би хот, суурин газар өссөн болохоор морь мал, хөдөөгийн ахуй амьдралд муу.
Алтанбулагт найзындаа очно.Тэгээд саалины цаг болохоор бүгдээрээ хувин бариад зэл рүү явна. Надад хувин өгөхөөр “Үгүй” гэж хэлж чадахгүй дагаад явдаг. Би чинь үнээ сааж ч чаддаггүй хүн шүү дээ. Тийм эрх. Бүр хөгшнөөрөө заалгаж байж, хонины гэдэс хоёр цаг арилгасан гээд л бод. Баасыг нь сайн арилгаж байна гээд амтгүй болтол нь угаачихсан байж билээ. Хөдөө зугаалгаар явахад найзууд “Баасан гэдэс арилгаж чадах уу” гэхээр нэрэлхсэндээ “Чадна” гэж хэлчихээд, яг арилгах болохоор бултаад явчихдаг байсан. Хөдөөний ахуй амьдралаас их хөндий.

This image has an empty alt attribute; its file name is New-Project-25-7.jpg

-Таны хань хүүхдүүддээ юу гэж хамгийн их хэлдэг байв?

-“Та нарыг би онц сур гэж хэлэхгүй. Хамгийн гол нь хүн байх хэрэгтэй.

Хүн байхад учир бий шүү” гэж хэлдэг байсан. Бие нь муу байхдаа хөгшин минь “Үхсэн хүн шиг амьд хүн байдаг. Үхсэн мөртлөө амьд хүн шиг хүн байдаг шүү дээ” гэж хэлж байсан юм. Тэр үед нь би “Хачин юм ярьдаг хүн шүү” гэж бодож байсан. Үнэн л хэлж байж дээ гэж байнга бодогдож байна даа.

Хань минь амьдралаа сайхан авч явдаг байсан. Дэлгүүрээс өөрийнхөө идэх талхыг хүртэл өөрөө авдаг байсан хүн шүү дээ. Дэлгүүрт ороод тэрэг тэргээр нь чихэр, жимс авна. Манайд хүн их ирдэг болоод ч тэр үү, дороо дуусна. Харин би ийм тийм юм авах гэж дурладагүй байсан. Надад дутуу зүйл байгаагүй болохоор юу ч байсан тоодоггүй байсан шиг байгаа юм. Хааяа бэлтгэлийн хувцас авна. Даашинз, алчуур авах дургүй, юбка, дээл өмсөх дургүй эмэгтэй шүү дээ.

-Тэр хэрээр танайхаас хүн тасардаггүй байсан байх?

-Баярын өдрүүдэд “Арай ч их үү” гэмээр олон хүн ирдэг байлаа. 1200 км-ийн цаанаас “Б.Лхагвасүрэн гуайд хүүхдээ мөргүүлнэ” гээд хүмүүс ирдэг байсан гээд л бод. Өвөрмонголд очихоор буудлын өрөөнд багталцахгүй Төвдөөс хүмүүс ирж мөргөдөг байж билээ. Нэг удаа Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хэвтсэн чинь өдөр 30-40 хүн ирж байгаа юм. Би эмч нарт загнуулахаас айгаад эмнэлгийн нэг удаагийн хувцас, углааш зэрэг хэрэгтэй бүхнийг нь боодлоор нь авч тавьдаг байсан. Долоо хоноод эмнэлгээс гарахын хооронд эмнэлэг буулгах дөхсөн дөө. Тийм л олонтойгоо хүн байсан.

This image has an empty alt attribute; its file name is New-Project-25-7.jpg

Миний бие өвдөөд “Үе мөчний үрэвсэл” гэж оношлогдоод аягаа ч даахаа байсан. Намайг эмчлүүлэх гэж Солонгост очоод хамтдаа шинжилгээ хийлгэхэд хань минь ходоодны хорт хавдартай гэж хариу гарсан. Биднийг Солонгосоос ирээгүй байхад монголчууд “Хандив цуглуулна” гээд шуугичихсан байсан. Тэгээд л 4-5 хоногийн дотор эмчилгээний төлбөр цугларч хагалгаанд орсон доо. Хань минь ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүртсэндээ их баярлаж ярьдаг байсан. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Монголынхоо ард түмний ариун цагаан сэтгэлд талархаж явдаг юм шүү.

С.Баасан гуай “За, үүнээс өөр зүйл яримгүй нь ээ. Монголын сод хүү, сайн ханийн энгэрт жаргасан, инээж амьдарсан ийм эмэгтэй байдаг гэдгийг саяын ярианаас уншигчид түвэггүй олж мэдэх биз ээ. Хөгшнийхөө тухай үүнээс цааш ярьж чадахгүй нь. Бодохоор л нулимс асгараад байгаа юм. Сэтгэл өнчрөөд байгаа нь энэ юм болов уу. Түүнээс хүүхдүүд намайг асарч тойглоод эрүүл саруул, дутагдах гачигдах юмгүй амьдарч байна даа” гэснээр бидний яриа энэ удаад өндөрлөсөн билээ.

LEAVE A REPLY