Хүүхдэд яагаад ус хэрэгтэй вэ Дунд сургуулийн биологийн хичээлээс бид бүхэн хүний биеийн 60 хувийг ус эзэлдэг гэсэн ойлголтыг авдаг. Энэ нь хэрвээ таны биеийн жин 75 кг бол тэдгээрийн 50 хувь нь гэсэн үг. Гэхдээ хүүхдийн бие махбодод насанд хүрсэн хүнийхээс илүү их ус агуулагддаг.

Нэгээс арван нас хүртэл хүүхдийн бие махбодын 65 хувийг ус бүрэлдүүлдэг. Тэр ч байтугай шинэ төрсөн хүүхдийн 78 гаруй хувь, хараахан мэндлээгүй хэвлийдээ байгаа хүүхдийн 90 хувийг ус эзэлдэг гэдгийг анагаах ухааны доктор Наталия Урусова онцолжээ. Тиймээс ундны усны чанар хүүхдэд томчуудаас илүү чухал байдгийн шалтгаан нь энэ. Ус амьдралын олон үйл ажиллагааг тэтгэгч олон талт шингэн. Усны дутагдал хүний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд аюул учруулдаг. Хүүхэд байнгын идэвхтэй хөдөлгөөнд оршдог тул энэ хэрээр усны шаардлага нэмэгддэг. Ээжүүд ерөнхийдөө үүнийг мэддэг тул хүүхдээ салхилуулах юм уу биеийн тамирын бэлтгэл сургуулилтанд явуулахдаа лонх ус, шүүс бэлтгэж өгдөг. Хүний бие махбод нийт шингэнийхээ дөнгөж хоёр хувийг алдахад хөдөлмөрийн чадвараа хорин хувь алддаг байна. Харин гурван хувийг алдвал биеийн дулааны хувьд онцгой аюул дагуулдаг.

Хүүхдэд ус дутагдвал юу болох вэ?

Хүүхдийн архаг ус дутмагшил хүүхдийн эмч нарыг зовоож буй гол асуудал гэж хүүхдийн эмч нар онцолж байжээ. Хэрвээ хүүхэд шаардлагатай хэмжээний усаа удаан хугацааны турш авахгүй байвал бөөр, хоол боловсруулах архаг өвчний суурь бэхлэгдсээр байдаг аж. Тиймээс цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдийн өдрийн усны дэглэмд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн захиргаа хүүхдийг усаар чөлөөтэй хангах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой аж. Хүүхэд дийлэнх цагаа өнгөрүүлдэг орчинд халуун, хүйтэн ус цэвэршүүлэгч төхөөрөмж зайлшгүй байрлуулж, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны газрыг ус ундааны өргөн сонголттой байлгах хэрэгтэй гэнэ. Хүүхэд хүссэн үедээ өөрийн дураар ус, шингэн зүйл хэрэглэж болох тийм боломжоор хүүхдийн байгууллагууд нэн түрүүнд хангагдах ёстойг хүүхдийн эмч нар анхааруулж байна. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ ундны усны өдрийн дэглэмийг гэртээ онцгой баримтлах ёстой. Тоглож, байнгын хөдөлгөөн хийж буй хүүхдэд ойр ойрхон зайтай ус уулгах нь зүйтэй. Цэцэрлэгийн болон цэцэрлэгээс өмнөх насны бяцхан хүүхдүүдэд шингэний хангалт хамгийн чухал нь. Тэд сургуулийн насны хүүхэдтэй харьцуулахад цангаж буйгаа илэрхийлж чадахгүй, мэдэхгүй, өөрөө ус аваад уучихгүй тул шингэний дутагдалд өртөх нь олонтаа. Бага насны хүүхдэд усны дутагдал нулимсгүй уйлах, хэлний хуурайшил, мэнгэ, үү гарах, арьс хуурайшиж өнгөө алдах, гэнэт цочих, татах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Иймэрхүү тохиолдолд даруй эмчид хандах нь зүйтэй. Харин эмч ирэх хүртэн нэг шилэн аягатай усанд 0,5 мл давс юм уу нэг цайны халбага элсэн чихэр хутган хүүхэддээ бага багаар тогтмол уулгах хэрэгтэй. 

Хүүхэд хэр их ус уух ёстой вэ

Эл асуултанд нарийн зөв хариулах боломжгүй. Учир нь хүүхэд бүр өөр. Ус, ундаа их уудаг хэсэг байхад бага уудаг хэсэг байна. Эмч нар энэ тал дээр чихэрлэг ундаа бага өг гэж ерөнхийд нь зөвлөдөг. Харин шингэний хэрэгцээ дутагдал хүүхэд бүрт харилцан адилгүй тул хүслээр нь өгөх нь зүйтэй гэнэ. Мөн 18 хүртэлх насны хүүхдэд өтгөн цай, кофе, какао зэргийг хэрэглүүлэхээс татгалзах нь зүйтэй.

АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн янз бүрийн насны хүүхдэд шаардлагатай усны хэмжээг тодорхойлохыг оролджээ. Энд зөвхөн өдрийн туршид хоолны цэсэнд орох цэвэр ус бус уух ундаа, хоол цайнд агуулагдах усны хэмжээг ч оруулжээ. Хэрвээ бид өдөрт иддэг хоолоороо бие махбоддоо хэрэгцээт усныхаа гуравны нэгийг хүлээж авдаг бол хүүхэд янз бүрийн шингэн, усыг ямархуу хэмжээгээр хэрэглэж болохыг тогтоож болно.

LEAVE A REPLY