Малчины хотонд баавгай орж ирж, айлын гэр рүү дайрч, мал амьтан барьж иджээ. Тиймээс буудаж хөнөөсөн гэх сэтгэл сэрд хийлгэм мэдээг бид сүүлийн үед хэдэнтэй унших болсон.Тэгвэл тэдгээр баавгайн цаана хэдэн бамбарууш өнчирч үлдэв, хэрхэн аж төрж байгаа бол гэх тэдний ертөнцийн талаар сонирхож, санаа тавьж байсан нь цөөн. Хүний санаатай болон санаандгүй үйлдлийн золиос болж, эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг байгаль хамгаалагчид онд мэнд оруулахаар тэжээж байгаа гэх мэдээллийн араас бид сурвалжлав. 

ЭЭЖЭЭСЭЭ ӨНЧИРЧ ХОЦОРСОН ГУРВАН БАМБАРУУШИД ДОГШИН ХАР, НОМХОН БОР, ГЭМШИЛ ГЭХ НЭРТЭЙ БОЛЖЭЭ

Их тайгад хэдийнэ өвөл болж, нялх бамбарууш ганцаараа шинээрээ амьдрал зохиох боломжгүй болжээ. Тиймээс Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын байгаль хамгаалагчид өнчирч үлдсэн гурван бамбаруушийг зохиомлоор ичээ хийж, ногоо жимс мэтээр хооллож, ээжийнх нь оронд ээж болж асарч байгаа ажээ. 

Тэд гурван бамбаруушаа Догшин хар, Номхон бор, Гэмшил хэмээн зан араншингаар нь нэрлэжээ. Дошин хар анх ирэхдээ л догшин ааш авиртай, хоолны сав суулгаа алгадаж, аашилдаг байсан учир ийн нэр авчээ. Харин Номхон борын хувьд дөлгөөн, тун чиг залхуу нэгэн бол Гэмшил анх айлын дөрвөн ямаа идсэн “хэрэгтэй”-гээр баривчлагдсан байна. Тиймээс өнөөдөр ч түүний нүд нь гэмшил тээж явдаг болохыг байгаль хамгаалагчид тодотгож байсан юм. Амьтны нялх зулзага учраас тэд амттан нь тун дуртай гэнэ. Тэр дундаа алим, усан үзмийг амтархан идэж, молоко уухаараа ааш авир нь зөөлөрч, эрхлэх байдал хүртэл ажиглагддаг болохыг байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бидэнд хуучилж байсан.

This image has an empty alt attribute; its file name is New-Project-21-2.jpg

БААВГАЙН БАМБАРУУШ ЯАГААД БИДНИЙ ГАРТ ИРЭВ

Бамбаруушийн “ээж” болоод буй байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй Догшин хар, Номхон бор, Гэмшил гурвын талаар ярилцлаа. 

-Баавгайн бамбарууш хэрхэн, яаж яваад та бүхний гарт хүрээд ирэв. Энэ талаар сонирхуулаач?

-Увс аймгийн байгаль хамгаалагч бидэнд Ховдоос орж ирсэн нэг бамбарууш авчирч өгсөн. Бамбаруушийг ихэнхдээ төмөр торонд тэжээдэг. Харин бид зохиомол ичээ буюу мөөгний толгойн хэлбэртэй нүх ухаад, ичихдээ хэрэглэдэг өвч ургамал, идэш тэжээлийг нь бэлтгэсэн. Ингээд байж байтал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас нэг, Түнэл сумаас нэг бамбарууш ирж, гурван бамбарууштай болсон. Тэдний эх алагдсан учраас эхээсээ салсан байх. Түүнээс ямар ч эх баавгай үрээ зүгээр төөрүүлээд, ийм нялх байхад нь хаяж явахгүй. Тэгээд л суурин бүс рүү орж ирсэн гэж ойлгож байгаа. Ер нь баавгай суурьшлийн бүсэд яагаад орж ирээд байна гэдгийг заавал судлах ёстой. 

Бамбаруушнууддаа нэр өгсөн үү?

-Өгсөн. Бамбаруушнуудаа зан араншингаар нь нэрлэсэн. Увс аймгаас ирсэн бамбаруушийг Догшин хар гэдэг. Харин Цагаан уулаас ирсэн бамбарууш Номхон бор, бамбардай гэдэг хоёр нэртэй. Түнхэлээс ирсэн бамбаруушийг Гэмшил гэдэг. Анх ирэхдээ айлын ямаа барьж идээд барьвчлагдаж ирсэн юм. Анх гэмшсэн нүдтэй ирсэн болохоор ингэж нэрлэсэн. 

This image has an empty alt attribute; its file name is New-Project-21-2.jpg

Тэдний эр, эмийг мэдэж чадсан уу? 

-Тэд шинжихээр шулуун зогсохгүй байгаа болохоор эр, эмийг нь сайн мэдэхгүй л байна. Гэхдээ нэг нь эр, хоёр нь охин болов уу гэж бодож байгаа.

-Увсаас ирсэн бамбаруушийг анх танд өгөхдөө хадаг тавьж өгсөн гэж сонссон. Үүнийг жаахан тодруулаач?

-Тийм ээ. Манай Увс аймгийн байгаль хамгаалагч н.Буянцогт гээд найз маань анх Увсаас бамбарууш авчирч өгөхдөө дээл хувцасаа сольж өмсөөд, хадаг бариад надад хүлээлгэж өгсөн. Тэр үед үнэхээр сэтгэл хөдлөж байсан шүү. Хүн зэрлэг амьтанг хүртэл ингэж хайрлаж, хүндэлдэг юм байна. Тиймээс яаж ийгээд л онд мэнд оруулах юмсан гэж бодсон. 

-Та бүхэн бамбаруушаа юугаар хооллож байгаа вэ. Ер нь идээших шинжтэй байна уу? 

-Манай бамбаруушнууд алим, усан үзэм, улаан лооль, орос молоконд их дуртай. Молоко уухаараа ааш зан нь зөөлрөөд л уяраад ирдэг. Гэхдээ бид байнга жимс молоко өгөөд байх боломжгүй учраас байцаа төмс зэрэг хүнсний ногоог махны шөлөнд цанаад өгдөг болсон. Анх хүнсний ногоо өгөхөд дангаар нь идэхгүй байсан. Харин жаахан махны амт оруулаад өгөхөөр дуртай иддэг болсон. 

-Өдөрт хэдэн удаа хооллож байгаа бэ?

-Ер нь бамбарууш өгөөд байвал идээд л байх бололтой юм билээ. Тиймээс бид өдөрт гурван удаа, нэг өгөхдөө нэг бамбаруушинд гурван кг орчим хоол өгдөг. Үүнийхээ нэгд нь махан хоол, хоёрт нь жимс жимсгэнэ, талх өгдөг. Аравдугаар сарын нэгэн хүртэл арай ахиухан тэжээгээд тарга тэвээрэг авахуулах санаа байна. Манай хэд анх ирснээ бодвол өнгө зүс засаад сайхан болсон.      

This image has an empty alt attribute; its file name is New-Project-21-2.jpg

-Тэгэхээр нэлээд их хоол хүнс ордог байх. Та бүхэн энэ бүхнийгээ яаж зохицуулж байгаа вэ?

-Бид өөрсдөө болгодог. Саяхан Мөрөн суманд жимс, жимсгэнэ зардаг бөөний худалдааны эгчтэй танилцсан. Тэр хүн жимснийхээ хаягдлыг хаяхгүй тусад нь хадгалж байгаад бидэнд өгч байгаа. Мах шөл, талх тариагаа бол өөрсдөө болгоод л байна. Харин самар зардаг хүмүүс муудаж, хөгцөрсөн самраа бидэнд өгвөл бамбаруушнууд маань их баярлана. Бид болж өгвөл малын мах, дотор эрхтэн өгөхөөс зайлсхийгээд байгаа юм. Малын маханд дуртай болчихвий гэж бодоод.  

-Мэдээж зэрлэг бамбаруушнууд болохоор хоол тэжээлийг нь өгөхөд хүндрэлтэй байдаг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Хоолыг нь давхар торон хашааны наанаас өгдөг. Хоолыг нь төмөр идүүрт өгөхөөр хэл нь наалдаж магадгүй гэж бодоод модон идүүр хийж өгсөн. Тэрийгээ уяагаар давхар бэхэлж уясан. Тэгэхгүй бол идүүрээ аваад үүр рүүгээ орох магадлалтай. Мөн ялгадсыг нь цэвэрлэхдээ үүрэнд нь орсон хойно давхар хаалгыг нь хааж байгаад цэвэрлэдэг. Гэхдээ баавгай ичээний амьтан болохоор цэвэрхэн, нэг доор биеэ засдаг.   

-Одоо бамбаруушнууд нь ичээд унтах болов уу. Ер нь баавгай хэдэн сард ичдэг юм бэ?

-Баавгай цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад арваннэгдүгээр сарын 15-наас ичдэг. Харин манай бамбаруушнууд унтах болов уу гэж найдаад л туршиж үзэж байна. Унтвал тун л сайн байна. Арванхоёрдугаар сар хүртэл хүчтэй тэжээж байгаад хоолыг нь өгөхгүй байж үзнэ гэж бодож байгаа. 

-Баавгай хүнд дасахаар юм байна уу. Цаашид хэрхэх талаар сонирхуулаач?

-Манай гурван бамбарууш уулын зэрлэг баавгай. Үүрэнд нь шууд орвол ноолох аюултай. Энэ зан авирыг нь алдагдуулахгүй байхыг хичээж байгаа. Учир нь тэднийг ууланд нь буцааж тавих учраас унаган зангийг нь хэвээр хадгалж үлдэхийг хичээдэг. 

-Ууланд яаж буцааж тавина гэж бодож байгаа вэ?

-Ууланд тавихдаа нисдэг тэргээр нэлээд алс Их тайгад буюу суурьшлын бүсээс 100 гаруй км-ын зайд тавивал, тэр тайгаас гарч ирж чадахгүй. Ер нь 20-30 хоног Их тайгадаа байвал, өөрөө хоолоо олж идээд тэндээ амьдрах боломжтой болно. Ингэхдээ байршил тогтоогч  суурилуулбал зүгээр юм уу гэж бодож байгаа. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудад хандаж үзнэ. 

This image has an empty alt attribute; its file name is New-Project-21-2.jpg

Бамбаруушнуудаа хэдэн сард Их тайгад аваачиж тавих уу?

-Тавдугаар сарын дундуур газрын хөрс гэсэж, хоолоо олж идэх боломжтой болохоор нь Их тайгад аваачиж тавина. Одоо нүх нь арай багадаад байх шиг санагдаад байгаа. Тиймээс дахин нэг өрөө нэмж, хос үүр хийдэг юм бил үү гэж бодоод байж байна. 

-Тэгэхээр хавар гурван бамбаруушаа яаж Их тайгад аваачиж тавих ВЭ

-Хүний гар дээр тэжээгдэж байсан болохоор аль болох тайгын гүнд аваачиж тавих нь зөв гэж үзэж байгаа. Болж өгвөл нисдэг тэргээр Их тайгад аваачиж тавивал бидний гол зорилго болох эдгээр гурван бамбаруушийг амьдруулах боломж бүрэн бүрдэх юм.  

LEAVE A REPLY