Би 40 настай эхнэр хүүгийн хамт амьдардаг.Манай эхнэр гадаадад ажиллаж амьдарч байгаад 4 сарын өмнө ирсэн.Хүний нутагт 5н жил ажиллаж байгаад ирсэн ханиараа бахархдагаа нуух юун, энэ хугацаанд эх орондоо нэг удаа ч ирэлгүй ажилласан. Миний виза хэдэн удаа өгөөд ч гардаггүй учраас л эхнэрийгээ ганцааранг нь олон жил хүний нутагт хатаасан даа харамсаж, өөртөө ер нь бурууг өгдөг.Би энд хүүхдээ харангаа ажлаа хийгээд, эхнэр маань тэнд ажлаа хийж монгол дахь өр ширээ дарсан. Гэхдээ эндэх хэрэглээндээ эхнэрээсээ ганц ч төгрөг авалгүй би өөрөө болгож бүх мөнгийг нь өрөндөө өгөөд, илүү гарсанг нь банкинд хийж хуримтлуулсаар байсан.Уг нь бол бидний ч тавьсан өр зээл биш л дээ. Эхнэрийн маань ах гэдэг хүн л бидний байрыг барьцаанд тавьж алдаад бүр сүүлдээ ах нь ч хэрэг төвөгт орооцолдож аавын хаалга татаад бид ахад нь итгээд мөнгө санхүүгийн асуудалд болчимгүй хайнга хандасныхаа шанд гэр орончгүй бүр дээрээс нь өртэй болоод хоцорсон.

Иймэрхүү хүнд асуудалтай тулгарсан болохоор бид 2 хоёулаа биш юм аа гэхэд хэн нэгэн нь заавал гадагшаа явж ажиллаж мөнгө хийхгүй бол болохгүй болсон.Хэрвээ миний виза гараад эхнэрийх маань гараагүй байсан ч би энэ өрийг нь дарах гэж адилхан л ажиллах байсан.Эхнэрээ гадаадад морь мал шиг ажлуулчихаад өөрөө эндээ гэрийн авгайн ажил хийгээд, авгайгаараа тэжээлгэсэн арчаагүй эр” гээд олон ч хүмүүст ил ч хэлүүлсэн, далд ч хэлүүлсэн дээ энэ хэдэн жил. Тийм болохоор надад жаахан эмзэг тусдаг юм.Харин хань маань 5 жил хүний нутагт ажилласны хүчинд тэр өр ширээ ч дараад, бид 3 буцаад орон байртай ч болж чадсан. Энд захиа бичиж байгаа хамгийн гол шалтгаан маань гэвэл эхнэр маань гэртээ ирсэн цагаасаа хойш л нэг гадаад эрэгтэй хүнтэй ярьж, харилцаж байна. Эхлээд бол нуух маягтай ярьдаг байсан бол сүүлдээ ил, гэхдээ арай ч миний хажууд биш ч гэсэн нуугдаж ярихаа больсон.Хэнтэй ингэж их яриад байдаг юм гээд асуухаар ажлын хүн гэнэ. Гэнэт ажлаасаа гараад хүрээд ирсэн болохоор надаас юм хум асуудаг юм аа л гэнэ. Тэгээд би ч эхэндээ нэг их тоодоггүй байсан бол сүүлдээ яасан ярьж дуусдаггүй ажил вэ гээд жаахан уурлах маягтай боллоо.

Тэгсэн “зүгээр ч нэг ажлын хүн биш ээ, яахав гайгүй найзуудын холбоотой байсан бас надад ажил дээр их тус дэм болдог байсан болохоор шууд харилцаагаа тасалчихаж чадахгүй байна.Энэ маягаар явсаар ирсэн цагаасаа хойш л ер нь тэр хүнтэйгээ холбоотой байна. Ямартай ч сүртэй дотно биш энгийн л өнгө аясаар ярьж байгаа бололтой байдаг. Би ч уг нь энэ хугацаанд ханийгаа их л сайхан үнэнчээр хүлээсэн дээ, харин эхнэр маань яасан бол гэдэгт саяхнаас их л эргэлзэж эхэлж байна.Гэлээ гээд ямар ч зүйл болсон бай миний хань бол миний л хань. Бие биедээ түшиг тулгуур нь болох ёстой л гэж боддог. Харин яг одоо эр нөхрийнхөө хажууд байж өөр эрэгтэй хүнтэй ямар харилцаатай нь мэдэгдэхгүй ч холбоотой байгаад байна гэдэг л миний санааг зовоож байна.Гэхдээ уг нь бол бусад хүмүүсийн бодлоор ямар ч харилцаатай байсан хар хол гадаадад байгаа хүнтэй хардаж сэрдлээ гээд инээдтэй санагдаж магадгүй л байх.

Хөөрхий минь аргачгүй биз дээ, олон жил хол тусдаа амьдарсан болохоор хөрсөн сэтгэлийг алийг тэр гэхэв. Харин уур амьсгалаа л буцаагаад сэргээхийг хүсэж байна. Харин харилцаа маань сэргээд буцаад халуун дотно болохын цагт тэр гадаад хүнтэйгээ ч холбогдохоо болих байх гэж бодоод байгаа.Ер нь ингээд бидэн шиг олон жил тусдаа амьдарсан хүмүүс буцаад хуучны сайхан цаг шигээ болдог болов уу. Ингэж их санаа зовоод байгаа учир нь саяхан эхнэр маань Монголд амьдрах ямар ч утга алга гээд буцаад явдаг ч юм билүү гэсэн үг амнаасаа унагаж байсан.Тийм болохоор ханийгаа бүр мөсөн алдчихвий гэдгээс л маш их айж байна. Би ямар алхам хийсэн нь дээр бол, яавал сайхан халуун дулаан уур амьсгалаа эргэж авчрах уу? Аль Эсвэл өөрөө л хаана яаж хэнтэй амьдрахаа сонгог гээд зөнд нь орхих уу. Та бүхэнд ямар санаа оноо байна? Би уг нь зүгээр л элэг бүтэн жаргалтай амьдралыг хүсэж байна…