Миний бие солонгос улсад ирээд олон жил болсон.Хятад улсын иргэн зодож гэмт хэрэгт холбогдсоны улмаас 4 жилийн хугацаатай хоригдож байгаа билээ.Энэ хугацаанд солонгос улсад суугаа манай Элчин сайд болон яам нь ямар үйл ажиллагаа явуулдаг, иргэдээ яаж хамгаалдгыг мэдэхгүй юм.Анх гэмт хэрэгт холбогдоход манай улсын Элчин сайдын яамнаас ямар ч хараа хяналт байхгүй байсан, одоо ч мөн адил алга л байна. Надад гэлтгүй энд шоронд байгаа монголчуудад ямар хараа хяналт Элчин сайдын яамны хамгаалалт, тусламж алга.Анх ял авсан цагаас хойш 3н жилын хугацаанд Монгол улсын Элчин сайдын яамныхан ямар ч сураг чимээ алга байна. Заримдаа л Солонгост байгаа хүмүүсийн ар гэрээс нь хүн ирвэл тэр хүмүүстэй хамт манай улсын Элчин сайдын яамны ажилтан ирсэн сонсогддог.Энэ шоронд Солонгос, Хятад хэл дээр л юмаа хэвлэдэг бид ойлгохгүй бид чинь монгол хүмүүс шүү дээ.Урьд нь манай Элчин сайдын яамнаас жилд ганц удаа ирээд уулзаад мэдээ мэдээлэл хийгээд явдаг байсан гэсэн. Үгүй ядаж Монгол улсын Элчин сайд болон яамны ажилтан албан хаагчид Монголынхоо өдөр тутмын мэдээ сонин хэвлэлээр хангагдаж байгаа байлгүйдээ. Тэр сонин хэвлэлээ бөөгнүүлж байгаад өнгөрсөн ч гэсэн бидэнд ганц удаа авчраад өгчихвөл бид чинь баярлана даа.

Сая өнгөрсөн оны 12р сард миний энэ хоригдож байгаа Дэжоны шоронгийн ажилтан хэлснээр танай Элчин сайдын яамнаас хүн ирнэ гэж сураг сонсоод бид нар овоодоо манай Элчин сайдын яамныхан гэж баярлаад байж байтал танай Элчин сайдын яамныханд ажил гарсан гэнэ ирж чадахгүй гэсэн гээд биднээр манай Монгол улсын хөдөлмөрийн яамнаас ирсэн хүн амын тооллогын юмуу мэдэхгүй нэг маягтыг шоронгийн харгалзагчаар бөглүүлсэн. Хүний нутгийн хориход өөрийн нутгийн хүмүүстэй ярилцаж мэдээлэл авна гэдэг улсаараа бахархах, өмөөрүүлсэн юм шиг өмөлзөх сэтгэгдэл төрөх л байсан биз.Бид тэгээд хүн амын тоонд орсон юмуу үгүй юмуу юун маягт бөглөснөө ч мэдэхгүй байгаа. Бид чинь уул нь туурга тусгаар бүрэн эрхт Монгол улсын иргэд санагдана .Биднийг ийм газар орлоо гээд үнсэнд хаясан шалз шиг хаяж болохгүй биз дээ.Хэдийгээр бид хүний нутагт гэмт хэрэгт холбогдсон ч гэлээ Монгол улсын иргэд. Сая энэ Солонгос улсын сонгууль болоод шоронд хоригдож байгаа энэ улсын иргэн хоригдлууд сонгууль өгсөн.

2013 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход Б.Бат-Эрдэнэ аварга ирээд л явж байсан. Би тэгэхэд эрх чөлөөтэй байсан учраас сонгууль өгч байсан.Уг нь Монгол улсын Үндсэн хуульд иргэн сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Гэхдээ бидний хувьд тэр нь хаалттай байна. Монгол улсынхаа Элчин сайдын яам руу удаа дараа захиа захидал бичиж илгээдэг боловч хариу ирүүлж байсан удаагүй.Энд бидний аав, ээж, ах дүү нар маань хүрч ирээд байх тийм боломж ч байхгүй шүү дээ. Энд байгаа болон бусад оронд байгаа Элчин сайд болон Элчин сайдын яамныхан татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж цалинжиж байдаг байх.

Тэгвэл тэрэнд чинь бидний аав, ээж, ах дүү нар бас татвараа төлж байгаа. Биднийг жилд ганц удаа эргэж ирээд мэдээ мэдээллээр хангаж, өнгөрсөн ч байсан хамаагүй сонин хэвлэл өгч байхыг хүсч байна.Олон зүйл хүссэнгүй Монгол хэл дээрээ сонин хэвлэл уншиж мэдээлэл авахыг л хүслээ.Тэгвэл бидний хэсэг нөхөд хүний газар эрх чөлөөгөө хасуулсан Монгол улсын иргэд баярлаж талархах болно. Бид илүү юм хүсээгүй. Хийсэн хэргийнхээ шийтгэлийг даагаад гарах болно. Хийсэн юм чинь дуустал нь суух болно.